1/27/2010

Баяр хүргэе !!!

DREAM IT төслийн хүрээнд “Мэдээллийн Технологи – Хөгжилд” эссэ бичлэгийн уралдаанд
сэтгүүлч, нийтлэлч, судлаач, багш, төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийн ангилалд Б.Болормаа түрүүлсэн байна.

Ангийнхаа хамт олны өмнөөс баяр хүргэе !

1/18/2010

Ууганаагийн блогоос авав

Дугуйн аялал 3
Бид 3 дахь удаагийн дугуйн аялалаа зохион байгуулж, сайхан яваад ирлээ. Төв аймгийн Манзушир амралтын газар, 50 км орчим зайтай.

Нэг машин, 5 дугуйчин бэлтгэлээ базааж аянд гарлаа. Умбажаа-н машиныг дүү нь жолоодож явсан юм. Машинд Бооёо, Соко, Лхам, Сувдаа 4-үүлээ явав.

Аялал эхлэхэд Ганбаа, Туяа, Батхуяг, Явуун бидний 5 нөхдүүд гараанаас гарсан боловч нисэхээс цааш гараад Явуун машинд сууж явахаар болов. Явууны дугуй холын аялал хийхэд арай л тохиромжгүй, жижиг дугуйтай байсанаас болсон биз.

Миний хувьд ойрд хөдөлгөөн хийгээгүй болохоор амьсгаадаж, бас өгсүүр газар цуцах шинжтэй болов, аз болоход салхи хойноос байсан болохоор нэлээн таатай байв. Машин маань ойролцоо явах ёстой байтал биднийгээ орхиод аль хэдийн Төв аймаг орсон байлаа. Бид нэг даваа даваад л машин хүлээж байгаа байх гэж горидоно, машин байхгүй. Машинд идэж уух зүйлсээ орхисон нь буруутсан байна. Хоол усгүй Төв аймаг хүртэл гүрийлгэсэнд Умбаж жаахан уур нь хүрсэн байх, Ганбаа-н өчигдөр оройны хийсэн будаатай хуурганы үлдэгдэлийг идэж жаахан хүч оров.

Төв аймаг руу орохын өмнө талын өгсүүр дээр машин маань урдаас гарч ирэв. Тэд аймгийн төвөөр нэлээн тэнэж байгаад ирсэн бололтой.

Цааш нэг их саадгүй явсан боловч Манзушир орох зам нь шороон, дээрээс нь салхи яг урдаас хүчтэй байсан нь биднийг нэлээн цуцаасан. Зарим газар дугуйгаа түрж явав.

Манзуширт машинтай нөхдүүд маань түрүүлж очоод нэг гэр хөлслөөд орцгоосон байв. Биднийг очиход 7 цаг орчим болж байсан боловуу даа. Эрчүүд нь цуйван, бүсгүйчүүд нь хуушуур, 2 хүүхдэдээ бантан захиалж идэцгээв. Хуушуур нь хайраад удсан шинжтэй, ямар ч шөлгүй аргуу, шал дэмий юм. Хоол ер нь тааруухан юм.

Авч явсан махаараа хорхог хийлгэсэн нь харин их гоё болсон. Өглөө нь сүүтэй цайнд хийгээд идэхэд ч үнэхээр сайхан байсан шүү. Шөнө 4 цаг хүртэл тал болж хөзөр тоглоцгоов, бас нэг шил архи ууцгаав.

Өглөө модоор явж, Манзуширын музейг сонирхцгоов. Оюутнууд, бусад амрагчид ер нь нэлээн их байсан. Ойрхон болохоор хүмүүс энд нэлээн их амардаг байж магадгүй юм.

Буцах замд салхи яг өөдөөс салхилж явахад нэлээн хэцүү байсан, гэхдээ өмнөх өдөр нь яваад амьсгаа задарсан байсан юм шиг байгаан, нэлээн эрчтэй явж байсан. Нисэх рүү их хурдан орж ирсэн дэ. Айдасын даваа өгсөхөд нэлээн цуцсан байж магадгүй, бусдаар их сайхан явж ирлээ. Машин маань ч гэсэн ойр ойрхон хүлээж зогсоод ус, идэх юмаар үйлчилж байв.

Соко-д энэ аялал их л сонирхолтой байгаа бололтой байсан. Охиноо бас далимд нь салхинд гаргаж байгаа нь хэрэгтэй юм даа гэж бодож явав. Сайхан аялаад ирлээ.

1/05/2010

Зарлал

Ангийн 10-н жилийн уулзалт энэ онд болох тул 10-н жилээ хэрхэн тэмдэглэх талаар уулзаж ярилцах, ажлын хэсэг гаргах талаар Ангийн андууддаа оны өмнө урьдчилж мэдэгдсэн бөлгөө. Үүний дагуу амралтад 2010.01.09-2010.01.10-ний өдрүүдэд уулзахаар болж одоогоор явах хүний тоо 14 болсон байна. УБ-аас явах цаг, газрыг жич зарлана. Бэлтгэлээ хангаж байгаарай. Унааны асуудал байгаа шүү. Олон хүн учраас микро байвал зүгээр юм уу.

12/30/2009

Баярын мэнд !!!

Нас нэмж ухаан тэлсэн. Цас орж өнгө чимсэн 2010 ондоо. Одтой хийморьтой. Оргилсон их бүтээлтэй. Эрүүл энх. Инээд хөөрөөр цалгисан. Сэтгэл хангалуун. Итгэл дүүрэн. Хайр тань дундрахгүй. Аз тань дутахгүй байж. Хүний орчлонгийн сор болж. Мөрөөдсөн бүхнээ биелүүлэх болтугай. Эрхэм та шинэ ондоо аз жаргалтай, эрч хүчтэй, оргилуун хүсэлтэй, алхан орж хайртдаа зүрхээ, найздаа сэтгэлээ, аав ээждээ асралаа, ах дүүсдээ энэрлээ, хамт олондоо хүчээ, улс орондоо ухаанаа зориулахыг хүсье. Баярын мэнд.

12/22/2009

Жаргалант уулзалт

Жаргалантын аманд салхинд гарав:

12/21/2009

10 жилийн уулзалтын тухай

Ангийн анд нартаа удахгүй болохгүй болох шинэ оны баярын мэндийг дэвшүүлье!

Хөөр баясал, дуулиант дурдатгал дүүрэн, оюутан насаа эрдмийн гэрэлт ордон болсон сургуулийн танхимдаа үлдээн амьдралын их харгуйг замнан одоцгоосон 2000 оны дурсгалт хавар бидний сэтгэл зүрхэнд гэрэлтсээр 10 жилийг ардаа орхиж байна. Саяхан л 5 жилийн уулзалтаа дурсамж дүүрэн хийцгээж байсан бол 5 жил гялс өнгөрчээ.

Хааяа хааяахан энд тэнд бар саванд 2, 3-аараа уулздагийг эс тооцвол бүгд нийлсэнгүй удлаа шүү.

МУБИС, хичээлийн байр, лаборатор, Чойжоо, Онолт, Цэдвээ багш, Цэрэндулам эгч, Цомоо эгч.... нартайгаа хамт 4 намраа угтан, 4 хавраа үдсэн.

Тэр л мартагдашгүй хавар /1-р курсын хавар/ нэг ангийн бид нар ГБД-ийн зусланд очин догдолцгоож, угтах маргаашдаа яаран үүрнээсээ холдон одох шувууд шиг өдлөх ухааны жигүүр дэлгэн нисцгээсэн маань нүдэнд илхэн санаанд тодхон байвч даруй 14 жил өнгөрчээ.

Манай төгсөлтийнхэн бид эрээнтэй бараантай амьдралын далайд өөр өөрийн хувь заяа, төөрөг тавилангаар амьдрал жаргалаа дархлан ажил албандаа зүтгэцгээж, нэр бүтэн-зам саруул сайн сайхан явцгааж байна. Гэхдээ сураг байхгүй хэдэн хүнийг эс тооцвол шүү.

Энэ бүх үйлс бүтээл, дурсамж түүхийн эздийн нэг-ангийн эрхэм найз та нартаа 10 жилийн ойн уулзалтынхаа зар, урилга, хөтөлбөрийг бэлтгэж, Та бүхнийг санааг тусгахаар энэхүү захидлыг илгээж байна.

Энэхүү урилгыг нэгэн сэтгэлээр баяртай хүлээн авч, яаран догдолсоор ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Бидний уулзалт цугларалтад хэн нэгний маань орон зай онгойж харагдах ёсгүй. Учир нь төгсөлтийн цугларалт бүрэн бүтэн байх нь нэгэн насны андын зохиолтой бидэнд хуруу дарам цөөхөн олдож байгаа уулзалдан золгох завшаан билээ. Анд найз бидний дурсамжийг сэргээн, амьдралын их харгуйд дахин нэг хөгжөөнт дурсамж үлдээх энэ уулзалтанд ирэх хэн нэгэнд маань түр зуурын болон хөдлөнгийн ямар нэгэн шалтаг гарахгүй гэдэгт Би итгэж байна.

Нэг төгсөлтийнхний, нэг ангийнхны халуун сэтгэл бие биесээ даллан дуудаж, хамтын санаачлага оролцоогоор болзоот уулзалтаа бүрэн цогцлоож гэмээ нь хөгжилдэн амрах “төгсөлтийн нөхдийн ажил” маань биелэн бүтэх болно.

Тэгээд ч хэн нэгэн маань ирэхгүй байх аваас 10 жилийн дараах болзоот уулзалт маань хөг дутуу хөгжим лугаа болох бус уу.


Нэгэнт иймийн учир ангийнхаа нөхдийг санагалзан оюутан ахуй сэтгэлээ дэлгээд, хөгтэй дурсамжуудаа “өвөртлөөд” хол ойрын бүгдээрээ тал талаасаа амжиж цуглаад учран золгоцгоох тэр өлзийт өдрийг тэсэн ядан хүлээцгээе.

Миний саналаар :

Болзоот өдөр: 2010.06.18-20-ны өдрүүд буюу 3 өдөр 2 шөнийн хугацаатайгаар эх орныхоо байгалийн үзэсгэлэнд амарч тухлан, хөгжилдөх саналтай байна. Мэдээж хэрэг "Архиа бага ууж, айргаа тааваар уух" нь дамжиггүй. Алсад суугаа Онолт багш, Давка, Өлзий нар ч гэсэн сэтгэл хамтдаа байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэн саналаа харамгүй бичээрэй.

Үүнийг бичих гэж хамаг цагаа зориулсан шүү. Үг эвлүүлнэ гэдэг хэцүү бэрх даваа юм байна. Гэхдээ сэтгэл байвал ... :)

Ангийн Андуудаа Хүндэтгэсэн Умбажа

5

5 jiliin oi