9/15/2009

Электрон компьютер ба Моорийн хууль

Электрон компьютер ба Моорийн хууль
И.ЦЭРЭН-ОНОЛТ (2007-11-19)

Өнгөрсөн зууны шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн оргил нь электрон гэх тодотголтой энгийнээс эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэйг хүртэлх бодит болон барьж үл болох техник хэрэгслүүд бий болон хүн төрөлхтний амьдрал, хэвшилд гүн гүнзгий нэвтрэн өөрчилсөн явдал билээ.

Электрон багаж хэрэгслийн нэгэн сувд нь электрон компьютер буюу цахим тооцоологч бөгөөд маш богино хугацаанд асар хурдтай хөгжиж байна. 1945 онд Унгар гаралтай Америк эрдэмтэн Жон Вон Неуманны (John von Neumann) бүтээсэн электрон компьютерийн загвар нь Английн Математикч А.Турингийн (Alan Turing) 1935-1936 оны үед боловсруулсан тооцоолох машины математик загвар дээр суурилжээ.

Компьютер өнөөдөр хаа сайгүй тархан сансарт ч, дэлхийд ч хэрэглэгдэж, эмнэлэгт оношлогч, дэлгүүрт кассчин, онгоцонд жолооч, дуучин, хөгжимчин, зураач, зураглаач, шатарчин болж, мэдэхгүй зүйлгүй мэдээллийг хадгална, санана, тооцно, асуухад хариулна, харуулна гээд төсөөлж барамгүй ид шидийг үзүүлнэ. Электрон компьютер ба түүний сүлжээн дээр суурилсан Э-шуудан, Э-дэлгүүр, Э-засаглал, Э-сургалт, Э-спорт, ... гэх мэт энгийн хэрэглээнээс эхлээд хүний генийг ч тайлбарлан унших, засаж залруулах нарийн чимхлүүр ажлыг компьютерийн тусламжтайгаар л гүйцэтгэх тул өнөөгийн хүн төрөлхтний амьдралыг электрон компьютергүйгээр төсөөлшгүй юм.

Компьютерийн хөгжил нь хэмжээний хувьд жижгээс бичил рүү, хурдны хувьд цахимаас гялс руу, хүчин чадлын хувьд хэмжээлшгүй их болон хувьсан өөрчлөгдөнө. Гэхдээ аливаад хүрч болох дээд хязгаар байдгийн адил компьютерийг ч хөгжлийн дээд хязгаар нь хүлээж байдаг төдийгүй тийм ч алс хол биш ажээ.

Компьютерийн техникийн хөгжлийн хурд нь Моорийн хуулиар хэмжигдсээр ирсэн ба хэмжээний жижигрэлт, хурдны өсөлт гэсэн хоёр л хүчин зүйлээс голлон хамаардаг. Компьютер үйлдвэрлэгч IBM компанийг үндэслэгчдийн нэг Гордон Моор (Gordon Moore) 1965 онд “Электроникс” сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ компьютерийн нэгж чипэн дээрх транзисторын тоо 18-24 сар тутам хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн алдарт таамаглалаа дэвшүүлжээ.

Энэ нь Моорийн хууль гэгдэх болсон ба түүний тооцоолж байсан ёсоор сүүлийн 40 гаруй жилийн турш компьютер хэмжээний хувьд багассаар, тооцоолох хүчин чадлын хувьд нэмэгдсээр, үнийн хувьд ч хямдарсаар ирсэн байна. 1970 онд нэг чип 1000 транзистор агуулж байсан бол 2005 он гэхэд 1,000,000,000 (тэрбум) болтол нэмэгджээ, зурган дээр харна уу. Эндээс нэг транзисторын хэмжээ хэрхэн жижгэрснийг төсөөлж болно.

Моорийн хууль дараагийн 10-15 жилд хадгалагдах буюу нэг транзисторын хэмжээ 4-5 нанометер (1 нанометер нь 1 метрийг 1 тэрбум буюу 1,000,000,000-д хуваасантай тэнцүү) хүртэл багасах боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа ба цаашид жижигрэх боломжгүй болох буюу компьютерийн хөгжил зогсоно гэсэн үг юм.

Компьютерийн техникийн хөгжлийг хязгаарлагч физикийн саад нь транзистор үйлдвэрлэхэд ашиглагдаж буй материал, түүнийг бүрдүүлэгч хамгийн бага нэгж буюу атомд хүрэх явдал юм. Өөрөөр хэлбэл нэг транзистор 10-аас цөөн атомоос бүрдэх үед транзистор дайран өнгөрөх электроны урсгалыг хянах чадамжгүй болно.

Хүн төрөлхтөн компьютерийн хөгжлийг хязгаарлах физикийн хуулийг шинжлэн ухаарч буй тул хязгааргүй оюун ухаандаа тулгуурлан мухардалд орохгүй байх буюу компьютерийн техникийн хөгжлийг зогсоохгүй байх арга замыг идэвхтэй бөгөөд амжилттайгаар эрэлхийлсээр байна. Компьютерийн дараагийн үеийн ямар байх боломжтой вэ?

Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment

5

5 jiliin oi